Шинийн 3-ны Мянгатай ном : Энэхүү хурал нь Ногоон цагаан дарь эх болон Цагаан шухэрт, Санжид молом, цэнд гэсэн номнуудыг 1000 тоогоор урин тоолох хурал юм.

Шинийн 5-ны Сандүйн жүд. Сандүйн жүд буюу Нууцын хураангуй нь хэмээх энэхүү номонд бурханы шашин хураагддаг бөгөөд Монголчууд эрт дээр үесээ энэхүү номыг ихэд онцгойлон шүтэж биширсээр иржээ. Үүний нэг илрэл нь билэг ухаант өвөг дээдэс маань мөнгөн хуудсыг товойлгон алтаар бүрж, шүр, сувд зэрэг эрдэнээр чимэн урлан бүтээсэн явдал юм. Энэ гайхамшигт өв өдгөө дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Сандүйн жүд нь гэнэтийн аваар осол, цаг бусын үхэл, хэрүүл тэмцэл, гай зовлон бүгдээс авран сахих нигууртай тул Монголчууд эрт дээр үеэс тус судрыг уншуулан, гэр орондоо залж сүсэглэн бишрэн иржээ.

Шинийн 8-ны Их Манал /Дончодтой манал/  Манал хэмээх үгийн үндэс нь анагаах эдгээх гэсэн утгатай бөгөөд наад утгандаа хий шар бадганаар үүссэн өвчнийг эдгээх, анагаах буюу цаад утгандаа нисванисын гурван хор / мунхаг, уур, шунал / тэргүүтнийг эдгээн амирлуулах гэсэн утгатай билээ. Энэхүү номыг уншсан, уншуулсан, сонссон, даган баясан бүгд наад утгандаа биеийн өвчин, цаад утгандаа сэтгэлийн сэтгэлийн өвчин бүгдээс ангижран амирлаж ерөөл талбисан хурал уншлагын зан үйл болно. Дончод хэмээх нь 1000 тахил хэмээх утгатай үг бөгөөд 1000 ар үр /арвайн/ тахил, 1000 мөргөл, 1000 гороо зэргээс бүрдэх бөгөөд ингэж үйлдэхдээ Энэхүү эргэл мөргөл тахил ерөөлийн хүчээр өдгөө энэ цаг мөчид би хийгээд хамаг амьтаны өвчин зовлон шаналал бүгд амирлах болтугай хэмээн үнэн сүжгийг үүсгэн залбирал үйлддэг хурал болой.

Шинийн 10-ны Ловон чого: Ловон Бадамжунай Бурханы их дүйчэн өдөр бөгөөд Ловон гэдэг нь жолоодон удирдагч багш Бадамжунайг төлөөлөн нэрлэсэн нэр томёо ба чого гэдэг нь зан үйл гэсэн утгатай юм. Энэ өдөр Лобон Бадамжунайн магтаал, ерөөл, соёрхол, тахил, балин зэргийг өргөн дэлгэр хурдаг болно.

Шинийн 14 болон хуучдын 20-ны Оройн ерөөл, Гаанжуур: Гаанжуур гэдэг нь Бурхан багшийн аман айлдварыг үсэгт буулгасан судар бөгөөд Монголчууд эрт дээр үеэс эхлэн Гаанжуурын 108 ботийг уншиж орчуулж тайлбар сэлт хийж, мөн алт мөнгөн эдлэлээр урлаж байсан түүхтэй. Улмаар 108 боть Гаанжуурыг хурал номын үйлэнд оруулан хурдаг болсон уламжлалтай билээ.

Ерөөл нь ямарваа нэгэн үйл ажлын төгсгөлд уншин үйлддэг хурал уншлага бөгөөд голдуу үдээш хойш уншин маргааш болон хойшдын сайн сайхан, ажил үйл, эрүүл энхийн төлөө ерөөл талбидаг учраас оройн ерөөл хэмээн нэрийддэг ба ихэвчлэн хойд төрлийн сайн сайхны төлөө залбирал үйлдэн маань хөгжөөн, ерөөл тавьдаг хурал ном болно.

Шинийн 15-ны Сахиус: Энэ өдөр тус хийдийн гол сахиус болох Янсан ядмын бага чого мөн Зангад, Дүртэд  Дагва эдгээр гурван сахиусанд балин тахил өргөн элдэв барцад саад, эс зохилдох шалтгаан бүхнийг амирлуулан, шид бүтээлийг 15-ны саран адил дээш дэлгэрүүлэн хайрла хэмээн соёрхол талбин нууц тарнын уншлага хурлыг үйлддэг өдөр болно.

Хуучны 22-ны Цэвэгмэдийн чого: Авирмэд буюу Авид бурханы хувилгаан дүр болох Цэвэгмэд бурханы үүднээс хурах энэхүү хуралын утга учир нь эх болсон хамаг амтаныг магалан жаргалантай байлгах ба энэ насны тотгорыг арилгаж нас нэмэхийн нх ерөөл залбирал үйлдэх хурал ном болно.

Хуучдын 25-ны Ханд чого: Ханд буюу амгалан хоосны агаарт цэнгэгч дагина хэмээх утгатай үг  бөгөөд чого гэдэг нь зан үйл гэсэн утгатай үг юм. 5 Ханд нь гэгээрлийн зан мөрийг хөөгч нарт хань нөхөр болох тангараг тавигч дагина нар юм. Энэ өдөр 5 зүйлийн үйл сахигч 5 ханд нарт балин тахил, идээ ундаа, сэржим тэргүүтнийг өргөн магтаал соёрхол ерөөл өргөн уншлага үйлддэг өдөр юм.

Хуучдын 29 ны Арван хангал / Чойжоо дүгжүү / Ямандаг тэргүүтэй 10 хангал сахиусыг тахин, тахил балин өргөдөг зан үйлийн хурал юм. Эдгээр сахиусыг баясгаж тахисны ач тусаар тус тусын ам авсан тангаргын дагуу сахин хамгаалах, улмаар тэдэнд тахил балин өргөснөөр шид бүтээлийг олох  болно хэмээн сударт зарлигласан буй.

Чойжоо дүгжүү: Чойжоо гэдэг нь 10 хангалын нэг сахиус бөгөөд Монголоор номын сахус гэсэн үг болно. Дүгжүү нь Дормын нэр бөгөөд энэхүү балинг гаргаж өргөснөөр ад зэтгэр, хэрүүл тэмцэл, дайсан тотгор, өвчин зовлон, ган зуд тэргүүтэн эс зохилдох шалтгаан бүхнийг амирлуулах болно хэмээн судар шаштирт номлосон байдаг.

Хуучдын 30-ны Дарь эхийн мандал шива, Гэцэнпэллийн даллага / Ханийн даллага/

Үйл бүтээгч түргэн гэтэлгэгч Ногоон дара эх Бурханы үүднээс хурах энэхүү хурал нь Дара эх бурханд 4 удаа мандал өргөж 4 үйлсээ даатган залбирдаг уншлага ном болно. 4 үйлс нь өвчин зовлон амирлуулах үйл, буян хишиг дэлгэрүүлэх үйл, найз нөхөд, хань, үр хүүхэд албат иргэд хураах үйл, дайсан тотгор, хараал жатга, халдварт өвчин, ган зудыг дарах 4 үйл юм. Дарагаар буян аривжихын даллага уншиж буянаа хураадаг уламжлалтай хурал юм.