шинийн 14-нд Ганжуур , оройн ерөөл , зургаан ерөөл , овоо маань хурна.

Бурхан багш “Номын хүрдэн”-ээ гурвантаа эргүүлээд, олон газар нутгаар явж, олон нийтэд ном сургаалаа айлдан явсаар 80 сүүдэр дээрээ нирваан дүр үзүүлжээ. Түүний хойно шавь хуврагууд нь зөвхөн бясалгал үйлдэхийг эрхэмлэн, ном номлох, сонсох дуршилгүй болсноор нийт олны зүгээс таагүй хандах болсон тул Бурхан багшийн зарлигийг эмхэтгэн хураах чуулган хийх шаардлагатай болжээ. Бурхан багшийг нирваан дүр үзүүлсний хойт жил шавь олон хуврагууд цуглахад дотно шавь нарын нэг Махагашипа “Авидхармын номын аймаг сав”-ын номууд, Упали “Винайн аймаг сав’’-ын номуудыг, Ананда “Судрын аймаг сав”-ын номуудыг тус тус эмхэтгэжээ. Энэхүү олон хуврагуудын анхны их чуулганаар ‘Гурван аймаг савын ном” буюу “Триптика”-д Бурханы багшийн хамаг зарлиг сургаалыг багтаасан гэж үздэг юм. Мөн Бурхан багшийг нирваан дүр үзүүлсэнээс хойш 110, 400 жилийн хойно шашны дотоод нөхцөл байдал, үзэл онолын элдэв зөрчилдөөнөөс үүдэн их чуулган тус тус болж байжээ. Ийнхүү Бурханы зарлиг номуудыг нэгэн зүгт жигдлэснээр багш шавьд уламжлан дамжсаар олон зууныг үдэж бичиг үсэгт буулган судар ном болгож байв. Бурханы зарлиг сургаалыг тайлбарласан, дэлгэрүүлсэн бүтээлүүдийг ч үе үеийн мэргэд зохиосоор байсан бөгөөд алдартай том хийдүүд тухайлбал Наландарын Их сургууль зэрэг Бурханы шашны боловсролын томоохон сүм хийдүүд байгуулагдаж Бурханы сургаал номыг дэлгэрүүлсэн олон зуун мэргэд төрөн гарч байжээ.

Нийтийн тооллын VII зууны үеэс Төвдөд Бурханы шашин дэлгэрч эхэлсэн гэж үздэг. Энэ үеэс л Энэтхэгт зорчсон төвдүүд Бурханы эрдэм номд суралцахын зэрэгцээ ном судар авчран эх хэлэндээ орчуулж байв. Ийм байдлаар олон үеийн эрдэмтэд олон бэрхшээлийг туулан Энэтхэг орноос Бурханы ном судрыг авчран орчуулж түгээн дэлгэрүүлж байсан ч газар бүр тархай байдлаар хадаглагдаж байв. Энэ бүгдийг эмхэтгэн нэгтгэсэнийг “Ганжуур” буюу “Зарлигийн орчуулга” гэж нэрлэж заншжээ. Төвд хэлнээ Ганжуурыг “Зарлигийн орчуулга”, “Сайн зарлиг” хэмээн нэрлэдэг. Ганжуур нь Винай, Барамид, Олонхи, Эрдэнэ давхарласан, Судар, Нирван, Дандар гэсэн долоон бүлэгт хуваагдах бөгөөд нийт 1108 нэр бүхий ном багтсан байдаг. Энэтхэгийн Бурханы шашны арван ухаанд мэргэшсэний дээд мяндагтан “бандида” нар, Төвдийн “Хоёр хэлийг өгүүлэгч лозава” хэмээх орчуулагч нар Энэтхэг, Удъяанй, Кашмир, Балба, Хотангоос Бурханы шашны их, бага хөлгөний асар их зарлиг шастирыг цуглуулж төвд хэлээр орчуулдаг байжээ. Ингэж орчуулахад “лобан” гэж төвд утга зохиолд товчлон нэрлэдэг, Энэтхэгийн бандида, Төвдийн лозава хоёр эрдэмтэн ямагт хамтарч оролцсон ёстой байжээ.

Төвдийн шашны хожуу дэлгэрэлтийн үе хэмээн нэрлэдэг XI зуунаас хойш Ганжуур, Данжуурыг дахин эмхэтгэж цэгцлэх оролдлогыг хийж, урьдын орчуулсан хэсэг бусаг зарлигийг Төвдийн олон газраас цуглуулахын сацуу, орчуулагдаагүй маш олон зарлиг шастирыг шинээр орчуулав. XIV зууны үед төвдийн эрдэмтэн Жомданригбиралдийн шавь Чим Жамъян буюу Жамгагба багш гэж халтирган нэрлэсэн тэрбээр Монголын Буянт хаан/1312-1320/-д өргөөнд залагдаж байхдаа Ганжуур, Данжуурыг бүтээхэд зориулсан хүчир их хэрэгслэлийг Монголоос хүргүүлж, Үйба Лосол тэргүүтэн шавь нартаа зарлиг шастирын орчуулгыг нэгэн мөр болгож Ганжуур, Данжуурыг бүтээгээд Цогт Нартангийн хийдэд хадгалахыг үүрэг болгож байсан гэдэг.

Ганжуур монголд. Ганжуур, Данжуурын Монголд дэлгэрсэн тухайн асуудлыг Бурханы шашны түрүү дэлгэрэлтийн үе буюу бидний гарын доорхи баримтаар хөөж үзвэл, бүр VIII зууны үеэс авч үзэж болох байна. “Ганжуурын уншлагын эш авсан товъёг” Ганжуурын доторхи винайн эшийг Энэтхэгийн бандида нараас Самгхасэна тэргүүтэн Кушаны найман багш авч, тэднээс Калъянарагшита тэргүүтэн Уйгурын 20 багш, тэднээс Үйба Лосолсанжайбум тэргүүтэн төвдийн багш нар дамжуулан авсан тухай дурдсан байна. Эл мэдээнд өгүүлсэн нэг сонирхолтой зүйл нь шашин номын эхийг Уйгурууд Төвдөөс өмнө авсан явдал юм. Үүнийг Монголын шашны түүхч Зава Дамдин /1867-1937/ гавжийн “Хор чойнжүн” гэдэг түүхэнд өгүүлснээс үзвэл: “Согдын мэргэн багш нар Уйгур хийгээд Монгол нугуудад үсэг бичиг унших ба Бурханы дээд ном зарлиг шастир, сайн зарлигуудыг өөр өөрийн хэлээр орчуулах ёсыг үзүүлж сургав. Тэр цагт уйгур, монгол хүмүүний аймгууд сайн зарлигийг /Ганжуур/ уншихдаа согд бичгийн дээрээс энэтхэг хийгээд өөр өөрсдийн хэл нүгүүдийг холимгоор орчуулсан… тэр шалтгаанаар одоо манагаар Монголын номын хэл нь энэтхэг, уйгур, монгол холимгоор оршсон болой” гэжээ.

Иймд Энэтхэгт “Трипитака” /Гурван аймаг савын ном/, Төвдөд Ганжуур, Данжуур гэдэг шашны утга зохиолын эл цоморлиг нь энэ үеэс монголчуудын дотор дэлгэрч эхэлснийг харуулж байна.

Төвдөд Ганжуур, Данжуурыг орчуулж, улмаар бичиж бүтээх ажил ч Монголтой холбоотой байсныг бас дурдаж болно. Төвдийн эрдэмтэн Нартан Ригралын шавь Чим Жамъян Монголын Буянт хаанд/1312-1320/ залагдаж байхдаа, Нартан хийдэд Ганжуурыг анх удаа бичиж бүтээхэд зориулж, өөрийн багш Жомдан Ригралын нэр дээр бичгийн хэрэгсэл бэх тэргүүтнийг өргөснөөр Нартан хийдэд Ганжуурыг бүтээсэн байна. Тэрхүү Нартан хийдийн Ганжуурыг эх болгож, Төвдийн олон хийдэд бичиж бүтээсэн байна. XIV зууны үе буюу Хайсан хүлэг хааны /1304-1311/ үед Уйгурын Чойжи-Одсэр тэргүүтэн хоёр хэлийг өгүүлэгчид “Банзрагч” зэрэг зарлиг шастирыг Ганжуур, Данжуурын дотроос орчуулжээ.

Түүний дараа Түмэдийн Алтан гэгээн хааны үед III Далай лам Содномжамцын /1543-1588/ шавь Хөх хотын бандид Ширээт гүүш цорж “Юм жайврин дүйсүмийг” монгол хэлнээ орчуулжээ.

Цахарын Лигдэн хутагт хааны үед /1603-1634/ Гунгаа-Одсэр эрхлэн олон хэлмэрчид Ганжуурыг бүрэн төгсөөр монгол хэлэнд орчуулсан байна. Тэрхүү монгол үсгийн Ганжуурыг Энх-Амгалан хааны үед /1662- 1722/ ахин шүүж ариутгаад, 1717-1720 оны хооронд бард гаргажээ. Энэхүү монгол шунхан Ганжуурыг өмнөх Энх-Амгалангийн шунхан барын Ганжуур дээр суурилж бүтээжээ. Энэ тухай түүхийн зарим сурвалжуудад тэмдэглэхдээ: “Манжийн Энх-Амгалан хаан Бээжин, Мүгдэн, Долнуур тэргүүтэнд хуврагийн аймаг хязгаарлашгүй шүтээнийг бүтээж, төвд, монгол Ганжуурын барыг шинээр бүтээгээд, Хятад, Төвд, Монгол гуравт түгээсэн…” гэжээ. Мөн Өндөр гэгээн Занабазарын /1635-1723/ үеэс эхэлж Ганжуур, Данжуур нь дармал бичмэлээр Монголд өргөн дэлгэрэх болсон байна.

Монголд Ганжуурыг бүрэн гүйцэд уншиж судлаад цаашид олон шавь нартаа дамжуулан номнож, уг номынхоо эш хөтөлбөрийг хүртээж байсан эрдэмтэн багш нарыг “Ганжурба” /Ганжуурчин/ гэж нэрлэж байв.

Ганжуурыг төвд хэлээр олон удаа хэвлэж тухайн хэвлэсэн орон хийдийнх нь нэрээр Дэргэ, Нартан, Цалба, Лхас, Жонэ, Литан, Ража, Бээжин, Их хүрээний Ганжуур гэх мэтээр нэрлэдэг бөгөөд бэх, шунх, алт, есөн эрдэнээр ч бүтээсэн байдаг. Ганжуур ихэвчлэн 102-108 боть байх бөгөөд алтаар бүтээснийг “Алтан Ганжуур”, есөн эрдэнээр өнгө ялган бүтээснийг “Есөн эрдэнийн Ганжуур”, бэхээр бичих болон барласныг “Бэхэн ганжуур” хэмээн нэрлэж тахин шүтэж ирсэн уламжлалтай.

Оройн ерөөл

Хойт насны буян, амьдын буян хийхэд зориулан айлдуулдаг их ерөөл магтаалын хурал. Бурхан багшийн рид хувилгаан үзүүлсэнд зориулан Өндөр гэгээн Их хүрээнд “Цагаан сарын их ерөөл” нэртэй хуруулж эхэлсэн гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *