Бодь мөрийн зэргийг номын дагуу судлан хэрэгжүүлвэл та дариудаа өөрийн амьдралдаа сайн сайхан өөрчлөлтийг бий болгож чадна.

Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан бүгдээрээ зовлонгоос хагацаж амгалантай байхыг хүсдэг.

Тэдгээр нь тухайн амьтан бүр өөрөө зүтгэл гарган хичээж байж ирдэг юм. Яаж вэ гэвэл:Зовлонгоос хагацан дээдийн амгаланг олох арга замыг өөрөө сонсож мэдээд түнийгээ бясалган хэрэгжүүлсэн зүтгэлээс олдог билээ. Бурханы ном, тэр дундаа “Бодь мөрийн зэрэг” хэмээх номонд маань дээрхи арга замыг аав нь хүүдээ зааварчилж байгаа мэтээр айлдсан байдаг тул хувь сайт хэн ч бай “Бодь мөрийн зэрэг” хэмээх номыг сонсох, утгыг нь санах, мэдсэнээ бясалган шамдвал зовлон бүхнээс хагацан дээдийн амгаланг олж чадах юм. Бодь мөрийн зэрэг гэдгийн Бодь нь-төгс гэгээрсэн бурханы хутгийг хэлнэ. Мөрийн зэрэг гэхээр- түүнд хүрэх арга замын эрэмбэ дарааг хэлдэг. Энэ номонд маань Бурханы зарлиг бүхний аньсыг хураасан бөгөөд бас алдаа дутагдал, зовлон зүдүүртэй ч хөтлөхөд зохистой хэн ч бай төгс гэгээрсэн Бурханы хутгийг олох аргыг заасан байдаг. Тиймд бурханы айлдсан олон номыг үзэж судлаж амжихгүй ч Бодь мөрийн зэргийг номын дагуу судлан хэрэгжүүлвэл та дариудаа өөрийн амьдралдаа сайн сайхан өөрчлөлтийг бий болгохоос гадна бусдад аз жаргалыг өгөх, алс хэтдээ төгс гэгээрсэн Бурханы хутгийг олж чадах юмаа.  Богд лам бээр: Бурханы зарлиг бүгдийг үзэж амжихгүй ч гэсэн түүний охь шимийг хураасан нь Бодь мөрийн зэрэг юм. Тэгэхээр хүн нэг удаа Бодь мөрийн зэргийг хэлэх, нэг удаа сонсоход Бурханы айлдвар бүгдийг хэлсэн сонссон дайны үр дүн гарна хэмээн айлдсан.